Иов 35 - Ариун Библи 20041 Дараа нь Елиху үргэлжлүүлэн, — 2 Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу? Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү? 3 Учир нь чи “Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ? Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг. 4 Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя. 5 Тэнгэр өөд хараад, үзэгтүн. Та нарын дээрх үүлсийг харагтун. 6 Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ? Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ? 7 Чи шударга зөв бол Түүнд юу өгч, эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ? 8 Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм. 9 Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг. Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг. 10 Гэвч хэн ч “Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ? 11 Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм. 12 Тэд тэнд орилдог боловч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй. 13 Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй, Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй. 14 Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй. Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөд чи Түүнийг хүлээх ёстой! 15 Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас, 16 тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг. Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)