Дуулал 98 - Ариун Библи 2004Дуулал. 1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн. 2 ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн. 3 Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан. Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм. 4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун. 5 Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун. 6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун. 7 Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл. 8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул. 9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)