Дуулал 75 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Ал-ташетын дагуу. Асафын дуулал буюу Дуу. 1 Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна. Учир нь Таны нэр ойрхон байна. Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. 2 “Би тогтоосон цагийг сонгохдоо Шулуун шударгаар шүүдэг нь Би билээ. 3 Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог. Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ. Села 4 Би бардамнагчид «Бүү бардамна», Хорон муу хүнд «Эврээ бүү өргө. 5 Эврээ өндөрт бүү өргө. Бардам хүзүүтэй бүү ярь» гэсэн”. 6 Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй Цөлөөс ч ирдэггүй. 7 Харин Бурхан бол Шүүгч юм. Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг. 8 Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна. Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг. Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой. 9 Харин би мөнхөд тунхаглана. Би Иаковын Бурханд магтан дуулна. 10 Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж, Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)