Дуулал 64 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. 1 Бурхан, Миний гомдлын дууг сонсооч. Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач. 2 Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан, Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач. 3 Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь 4 Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм. Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй. 5 Тэд хорон зорилго дотор бат зогсдог. Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг. 6 Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэн Шударга бусыг сэддэг. Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ. 7 Харин Бурхан тэднийг сумаар харвана. Тэд гэнэтхэн шархадна. 8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ. 9 Тэгээд бүх хүмүүс айж, Бурханы ажлыг тунхаглан, Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно. 10 Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно. Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)