Дуулал 3 - Ариун Библи 2004Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал. 1 ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна. 2 Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села 3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ. 4 Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села 5 Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна. 6 Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй. 7 ЭЗЭН, босооч! Бурхан минь ээ, намайг авраач! Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн. Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн. 8 Аврал бол ЭЗЭНийх. Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай! Села |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)