Дуулал 138 - Ариун Библи 2004Давидын дуулал. 1 Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө. Би бурхдын өмнө Таныг магтан дуулна. 2 Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж, Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм. 3 Миний дуудсан өдөр Та надад хариулжээ. Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан. 4 Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо Газрын бүх хаад Танд талархал өргөнө. 5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна. Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ. 6 Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм. 7 Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд Таны баруун мутар намайг аварна. 8 ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)