Дуулал 12 - Ариун Библи 2004Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, найман утастай лир дээр. 1 Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч, Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь. 2 Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг. 3 Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай. 4 Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна. Уруул маань биднийх юм. Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ. 5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг. 6 Шавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм. 7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална. Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална. 8 Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)