Дуулал 1 - Ариун Библи 2004НЭГДҮГЭЭР НОМ (Дуулал 1–41) 1 Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! 2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. 3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй. 4 Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт. 5 Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй. 6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)